Одоогоос 30-аад жилийн тэртээ дунд сургуулийн “Түмэн бодис” хэмээх хичээл дээр “Нарыг хэмжээний хувьд хөл бөмбөг лугаа адил гэвэл дэлхий шар будааны талтай тэнцэнэ” гэж заасан юмсан. Одоо энэ хэмжээ өөрчлөгдөөгүй л байгаа даа...
Дэлхийн олон орны дэлгэцэнд гарсан кинонуудыг Америкийн кино академиас Нью-Йорк хотноо 1936 онд шалгаруулахад “Монгол хүү” кино гадаадын 10 шилдэг киноны тоонд орж байжээ. Тиймээ энэ бол тухайн жил нь Ардын Хувьсгалын 15 жилийн ой болохтой холбогдуулан манай Засгийн Газраас ЗХУ-ын Засгийн Газарт захиалж хийлгэсэн монголын анхны уран сайхны кино байлаа. Монголын киноны гараа маш өндөрт, чухам л одоо ч хүрч чадаагүй өндөрлөгт шууд гарчээ. Үүнээс хойш дахин ийм үнэлгээ аваагүй гэж хэлж болно. 2004 онд Д.Бямбасүрэнгийн “Ингэн нулимс” кино Америкийн Кино Академийн шагнал гардуулах ёслолд шилдэг гадаад хэл дээрх киноны төрөлд Оскарын шагналын төлөө өрсөлдсөнийг эс дуръдвал шүү дээ. Монголын кино урлаг Америкийн Кино Академитай холбогдсон, тэдэнд үнэлэгдсэн энэ хоёр кино, энэ хоёр тохиолын тухай монголын ард түмэн сайн мэдээгүй, манай төр засаг ч анзаарч тоогоогүй юм. 30-аад оны үед Америкийг өндөр хөгжилтэй улс гэдгээр нь бус капиталист орон гээд засаг төр маань тоогоогүй нь магад. Гэвч тухайн үед дотооддоо кино урлагийг үнэхээр л дэмжиж байжээ. Баримт дуръдвал:
“Улсын төв театраас ”Монгол хүү” кино зурагт наадахаар томилогдсон долоон жүжигчинд ЗХУ-ын кино зургийн хорооноос сар бүр олгох цалингийн хэмжээг тогтоожээ. Жишээ нь: голлон наадах Цэвээнд монголд 400 төгрөг \ оросод 1200рубль, Цахарын ноёнд наадах ня-бо Н.Цэгмидэд 200төгрөг \ 750рубль гэх мэт. Үүнд хоол, хувцасны зардал зэрэг орсон болно. Мөн түүнчлэн Ленфильм монгол жүжигчдийн СССР-т байх хугацааны орон сууц, ирж очих уналгын зардлыг хариуцахаас гадна өвчилбөл үнэ төлбөргүйгээр эмчлүүлэх, киноны ажил дуусмагц тэдэнд Ленинградын соёлын газруудыг үзүүлж танилцуулах нэг сарын чөлөө олгож цалинг нь төлөх үүрэг хүлээжээ.”
Үүнээс үзвэл киноны уран бүтээлчийн амьдрах, уран бүтээл туурвих нөхцөл бололцоонд маш ихээр анхаарал хандуулж байжээ гэж ойлгож болно. Тухайн үед нэг хонь 10 төгрөгний үнэтэй байжээ. Гэтэл энэ ханшийг одоогийнхтой харьцуулбал нэг хонь 50 000 төгрөг буюу 400 төгрөг нь одоогийн 2 сая төгрөгтэй дүйж байна. Муугүй цалин биз. Бас нэг жишээ дуръдая.
Сайд нарын Зөвлөлийн (СнЗ) 1941 оны 6-р сарын 27-ны өдрийн 31-р тогтоолоор “Сүхбаатар” киноны зардалд СнЗ-ийн бэлтгэл хөрөнгөнөөс 300 мянган төгрөг олгох, уг киноны зарлагын төсвийг 7-р сарын 10-ны наана нарийвчлан төлөвлөж СнЗ-д оруулан тогтоолгохыг Сангийн яаманд даалгажээ.
Дээрхи ханшаар “Сүхбаатар” киноны төсвийг тооцож үзвэл 15 тэрбум төгрөг болж байна. Аргагүй л төсөв санхүүгийн хувьд Америкийн жишигт дүйх кино байжээ. Өнөөдөр АНУ-д киног санхүүгийн чадамжаас нь хамааран
5 сая доллараас доош – Бага төсөвтэй
5-50 сая доллар – Дунд зэргийн төсөвтэй
50 сая доллараас дээш – Нүсэр төсөвтэй кино гэж ангилдаг ажээ.
5-50 сая доллар – Дунд зэргийн төсөвтэй
50 сая доллараас дээш – Нүсэр төсөвтэй кино гэж ангилдаг ажээ.
БНМАУ дайны үед ч киног Америкийн дунд төсөвтэй киноны хэмжээнд бүтээж байжээ гэсэн үг. Гэтэл бид одоо...
Эрхэм уншигч та эхэнд дурьдсан шар будаа, хөл бөмбөг хоёрыг зүйрлэсэн зүйрлэлийг санаж байгаа биз ээ. Тиймээ энэ цагийн монголын киночид бид тэрбум гаран төгрөгөөр бүтсэн “Үхэж үл болно-Чингис хаан” киног эс тооцвол 30-50 сая төгрөгөөр л Улаанбаатар хотынхоо хаа нэгтээ цөөн жүжигчин, цөөн бүрэлдэхүүн бүхий багтайгаар асар богино хугацаанд кино хийж байгаагаа дээрх жишээнүүдтэй харьцуулсан нь юмханаар кинохон хийж байгаагаа мэдэрсэнийх билээ. Алтан үеийнхэн буюу монголын урлагийн ид цэцэглэлтийн үед ахмадууд маань ч үнэхээр “эрхэлж” байж дээ. Үүнийг уншсан ахмад хүн намайг зэмлэх биз ээ. Тэр үед хүнд бэрх байсан, ядуу зүдүү, хөгжил дорой хэцүү байсан л гэх биз. Гэтэл хойч үе чинь дайны байдлаас ч дор нөхцөлд ажиллаж, амьдарч, уран бүтээлээ туурвиж байна гэдгээ өөрсдөө л дуугарахгүй бол хэн ч мэдэхгүй бололтой. Байсан байр сууцаа барьцаанд тавьж кино хийгээд, эхнэр хүүхдүүдээ чирсээр өчнөөн жил нүүдэллэн амьдардаг, хэдэн жилээр цалин орлогогүйгээс автобусанд ч сууж чадахгүй шогшиж яваа, ар гэрийнхнээрээ тэжээлгэн өлөн зэлмүүн мөртлөө агуу их Чингис хааныхаа тухай кино хийхийг хүсэн зохиол бичин, төсөл зохиож суугаа, ямар ч дэмжлэг санхүүжилтгүй мөртөө орчин үеийн киноны техник технологийг интернетээр судлан шүлсээ гоожуулж байгаа энэ л хүмүүс бол Монголын кино урлагийн сэргэн мандалтыг гардан бүтээх гар хоосон ч сэтгэл дүүрэн 21-р зууны залуу киночид билээ.
Мөнгөтэй, мөнгөгүйн тухай нуршуу дурьдчих шиг боллоо. Гэхдээ кино урлаг нь бидний сайхан сэтгэлээс үл хамааран мөнгийг шаардаж байдаг нь гашуун үнэн юм. Хөрөнгө санхүүгийн хомсдолоос болоод зураг авалтаа улирал дамжуулан авч чаддаггүй, нар сар, цас бороог тааруулан эсвэл зохиомлоор орлуулах боломжгүй, газар орон, байгалийн өвөрмөц тогтоцуудад буюу эх орныхоо өнцөг булан бүрт хүрч чадахгүй голомтоо тойрон эргэлддэг нь бидний санаа байвч сачий хүрдэггүй “загатнасан газар” маань юм. Бас нэгэн зовлон тоочиход хөдөө орон нутгийн театрын жүжигчид, ардын авъяастануудыг олж тодруулж чадахгүй, боломжгүй байгаадаа харамсаж байдаг билээ.
Урлагийн гавъяат зүтгэлтэн, кино зураач П.Цогзол багш маань 1995 онд бидэнд:
- Дэлхийн кино урлаг хурдацтай хөгжиж байгаа энэ цаг үед кинонд орж ирж байгаа та нарт атаархаж байна. Гэхдээ кино үйлдвэр сөнөөд хов хоосон болсон орон зайд 0-с эхэлж байгаа та нарыг өрөвдөж байна гэж хэлж билээ. Үнэхээр л бид микро түвшингээс макро ертөнц рүү тэмүүлж байгааг багш минь та одоо харж байна.
- Дэлхийн кино урлаг хурдацтай хөгжиж байгаа энэ цаг үед кинонд орж ирж байгаа та нарт атаархаж байна. Гэхдээ кино үйлдвэр сөнөөд хов хоосон болсон орон зайд 0-с эхэлж байгаа та нарыг өрөвдөж байна гэж хэлж билээ. Үнэхээр л бид микро түвшингээс макро ертөнц рүү тэмүүлж байгааг багш минь та одоо харж байна.
60, 70 гарсан ахмад найруулагчид, багш нар, киночиддоо цалин, уран бүтээлийн шагнал өгөөд, тав тухтай байдлыг нь ханган, унаа унаш бэлдэн ажиллуулах уу эсвэл тэр зардлаа киноныхоо багахан төсвийн өөр хэсэгт нэмэрлэх үү гэдэг бол шавь нарын чинь, хойч үеийнхний тань сэтгэл эмзэглүүлсэн асуудал юм шүү.
Киночдын дунд нэгэн шог яриа байдаг юм. “-Та нар яагаад Холливуудынх шиг сайн кино хийхгүй байнаа? –Холливуудынх шиг мөнгө өг. Тэгвэл Холливуудынх шиг кино хийе.”
Д.Золбаяр
Үргэлжлэл бий...
No comments:
Post a Comment