Үргэлжлэл..
Төсөв зардлаа хэмнэх тусам чанарт муугаар нөлөөлдөг. Хандивийн кино хийхэд ч төсөв багасдаггүй юм билээ. Хамгийн бага зардлаар хэрхэн кино хийж байсныг бидний урьд нь хийж байсан кинонуудаас харж болно.
Кино урлаг мөнгөнөөс хамаарч байдаг нь тодорхой боллоо. Харин ариун нандин байх ёстой гэдгийг зөв талаас нь ойлгох нь зохимжтой болов уу. Мөнгөнөөс хамааралтай гээд мөнгө хөөх бус уран бүтээлчид өөрсдөө ариун цагаан сэтгэлтэй байж гэмээ нь сайн бүтээл төрөх болно. Мөнгөнд дургүй, мөнгийг үзэн яддаг мэтээр өөрсдийгөө тунхаглагч эрхмүүд үнэхээр л тийм бол даяанч шиг бясалгал хийж бүтээлээ туурвих ёстой болов уу. Учир нь тэд өнгөн дээрээ ариун сайхан үг ярих боловч үнэн хэрэгтээ бүх бузар булайг хийдэг нь тодорхой болсон шүү дээ. Иймээс уран бүтээлчид бид мөнгөний тухай, уран бүтээлийн чанарын тухай, ариун явдал, сайхан сэтгэлийн тухай ойлголтоо цэгцлэхгүй бол чоно борооноор гэгчээр муу хүмүүст сиймхий гаргасаар байна шүү.
Өнгөрсөн 90-ээд оны монголын киноны түүхээс харахад чухам л мөнгө бузар, урлаг ариун гэж гуаглаж байсан хэрээнүүд л нидэр дээрээ шууд мөнгөн дээр ажиллаж уран бүтээлийн чанарыг огоорсоноос муу кинонууд төрж байсныг ард түмэн бүтээлээс нь харж байгаа. Энэ тухай би хожим бичих “Монголын кино урлагийг сөнөөхөд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүс” хэмээх нийтлэлдээ тодорхой өгүүлэх болно.
Хэн хамаагүй хүмүүс кино хийж байгаа нь мөн л санхүүтэй холбоотой. Киног найруулна гэдэг тусгай мэдлэг шаардсан ажил мэргэжил, мэдрэмжээс шалтгаалдаг урлагийн төрөл гэдгийг кинон дотор ажиллаж байсан жүжигчид, уран бүтээлчид, ажилчид ч эс тоон бүгд л өөрийгөө “битүү морь” байсан гэдгээ харуулахаар өөрөө өөртөө “ерөнхий найруулагч” хэмээх том нэр өгөөд жижиг кино хийж байсан үеэс л киног үзэхээс өөрөөр ойртож үзээгүй “сайхан сэтгэлт” хүмүүс хэдэн цаас олоод л кино найруулагч болчихож байсан нь ардчиллын “буян” биз ээ.
Чухам л ийм хүнд үед мэргэжлийн кино найруулагч нар кино шиг кино хийж аварсан сан бол Монголын кино урлаг ахмад алтан үеийнхнийхээ нэгэнт байгуулж өгсөн кино үйлдвэрээ сөнөөлгөхгүй, кино театруудаа баар, банк болгуулахгүй байх байсан сан. Тэгвэл өнөөдөр миний бичих зүйл тэс өөр сэдэвтэй байх байсан болов уу.
Гэвч шавь нар тань 0-с уйгагүй зүтгэсэний үр дүнд 2009 оны 3-р сарын байдлаар Тэнгис кино театрт тогтмол 3-4 монгол кино гарч, монгол киноны үзэгчид АНУ, Солонгосын киноны үзэгчдийн тооноос давж, сард 3-5 монгол кино нээлтээ хийдэг болоод цаана нь олон кинонууд бэлэн болчихоод нээлтээ хийхээр дэс дараагаа хүлээж байгаа нь гайхуулмаар гавъяа биш ч чамлахааргүй амжилт юм шүү. Бидний киночид хойшид ч улам ихийг хийж бүтээх бөгөөд хэзээ нэгэн цагт санхүүгийн хараат байдлаас гарна гэдэгтээ итгэлтэй байдаг билээ. Хэдийгээр олон кино бүтээгдэж ашиг орлого олж байгаа хэдий ч өнөө цагийн кино уран бүтээлчидэд нэгэн илүү ачаа байгааг сануулах гэсэн юм. Энэ нь өнөөх л санхүүгийн асуудал. Тиймээ өнөөдөр кино хийж байгаа залуучууд маань уран бүтээлээ сайн хийхийг бодохоос илүүтэй хэрхэн мөнгөгүйн улмаас киногоо зогсоочихолгүй дуусгах тухай шаналж байгаа нь нууцгүй ээ.
Монголын төр кино урлагийг хөгжүүлэх, кино үзвэрийн үйлчилгээг өргөжүүлэн сайжруулах зорилгын үүднээс санхүү, эдийн засгийн хувьд нь бэхжүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээг урьд нь авч байжээ. СнЗ-ийн 1936 оны 9-р сарын 25-ны өдрийн 40-р тогтоолоор кино зургийн хороог хэдэн жилээр улсаас санхүүжүүлэх, Монгол кино үйлдвэрийг гурван жил аливаа татвараас чөлөөлөх, 1940 оны 8-р сарын 16-ны өдрийн 29-р тогтоолоор кино үзвэрийн орлогын 40 хувийг монгол киноны ашигт шилжүүлж байх зэрэг тогтоол шийдвэрүүд гарсан байдаг.
Энэ мэтээр хөрөнгө санхүүгийн талаар бэхжүүлж байсанаас гадна намын даалгавар хэмээх мөнгөнөөс хүчтэй зүйлийн дэмжлэг Монголын кино урлагийн хөгжилд нөлөөлж байсныг хэлэх нь зүйтэй болов уу.
Миний багш кино найруулагч Б.Сумхүү “Ичээнд нь” киноныхоо зураг авалтанд зориулан нэг дор 10 000 мал цуглуулж байсан хэмээн ярьдагсан. Гэтэл өнөө цагт энэ нь хэдэн төгрөгийн төсөвөөр бүтэх зураг болохыг төсөөлөхийн аргагүй ээ. Харамсалтай нь тэр дүрсийг нь “Монголын мал хөрөнгө хятад руу гарч байгаагаар харуулсан” гээд ивээлт намынх нь нэг дарга хасчихсан юм гэнэ билээ. Кинонд намын буян байвч намын балаг бас байсныг мартах ёсгүй ээ. Ахмад үеийнхэний сайхан кино хийж байсны гол хөшүүрэг болох хиргүй тунгалаг сэтгэлээр урлагийнхаа төлөө зүтгэж байсан уран бүтээлчдийн хөдөлмөрийг үгүйсгээгүй юм шүү.
Улсын хэмжээнд 1940 онд кино театр 1, киноны суурин болон нүүдлийн 80-аад цэг байсан бол 1958 онд кино цэг 240, 1960 онд 405 болж өссөн ба 1968 онд кино театр 10, суурин цэг 60, нүүдлийн кино цэг 500 ажиллаж нэг хүн жилд хөдөөд 10, хотод 20 удаа кино үзэх болж, 1968 онд дунджаар 3000 хүнд нэг кино цэг ноогдож байжээ. Энэ тоотой өнөө цагийг харьцуулбал 1 сая хүнд 1 кино театр ноогдож байна гэхэд хилсдэхгүй. Өрөвдмөөр, ичгэвтэр энэ үзүүлэлт Монголын киночдын зоригийг мохоож чадахгүй ээ. Учир нь өнөөдөр айл бүр зурагт, DVD тоглуулагчтай болсоноор 300 000 – 500 000 кино цэгтэй болж нэг хүн өдөрт 3-5 кино үзэх боломжтой болсон нь сайшаалтай бөгөөд асар их нөөц буйг илтгэж байна. Мөн монгол хэл дээр 20 гаруй телевиз цацагдаж, 500 гаруй хувийн видео студиуд дэлгэцийн бүтээл туурвиж, улсын хэмжээнд 200 гаруй DVD борлуулах цэг ажиллаж байгаа нь 2,5 сая гаруй хүн амтай шар будаа шиг улсад нар шиг том зах зээл байгааг илтгэнэ. Кинотой холбоотой энэ олон аж ахуйн нэгжүүдийг төрийн бодлоготойгоор эмхлэн цэгцэлбэл соёлын болон эдийн засгийн асар их ач холбогдолтой болох болов уу.
Социализмын үед кино урлаг хөгжих гол хүчин зүйл нь үзэл сурталын зэвсэг болж байсан бол капитализмын үед бизнесийн хувьд ашигтай салбар болгох нь киноны хөгжлийн үндсэн багана болох нь тодорхой боллоо. Дотоодын зах зээлийг бүрэн дүүрэн ашиглахаас гадна гадаадад экспорт хийх явдал бидний өмнө тулгараад байна. Кино урлаг нь Монгол улсын эдийн засгийн хөгжилд шууд нөлөөлж чадахгүй ч монголын урлаг соёлын хөгжилд гол локомотив болж чадна гэдгийг баттай хэлэх байна.
Эцэст нь хэлэхэд кино урлагийг монголд цогц хэлбэрээр хөгжүүлэхийг хүсвэл уран бүтээлчид нь уран бүтээлээ маш сайн, сайхан туурвиж, харин санхүүгийн асуудлыг продюсер хэмээх шинэ нэр томъёонд даалгах нь зөв болов уу. Хуучин нам, улсын хийж байсан кино урлагийн дээрх нүсэр ажлуудыг капиталист эсвэл ардчилсан оронд продюсер л хийдэг тул монголын кино урлагт энэ орон тоо шинээр бий болж байна.
Ажил хэрэгч хүмүүс ээ. Шинэ, хоосон орон зайд зөв ажиллаж чадвал ашигтай төдийгүй монголын кино урлагийг наранд хүргэж чадахгүй ч гэрэлд нь дулаацдаг дэлхий мэт болгох хэрэгтэй байна.
Бид хөл бөмбөг биш ч одон бөмбөг хийе. Энэ нь Панамын суваг, Цагаан хэрэм барихын хажууд юу ч биш шүү...
2009. 03. 12 Д.Золбаяр
ёстой сайхан бичиж
ReplyDelete